ШАХМАЛ ВИТАМИН ХЭРЭГЛЭХ ҮҮ ЭСХҮЛ…
Ногоо их ид, дасгал хий тэгээд витамин, амин дэм хэрэглэ гэдэг бол энгийн бөгөөд ойлгомжтой зөвлөгөө л дөө. Эсхүл үгүй ч байж мэднэ. Учир нь хэдэн арван жилийн судалгаанууд витамин буюу нэмэлт амин дэмүүд нь үнэхээр сайн гэдгийг баталсан баттай нотолгоог хайж олж чадахгүй байгаа билээ. Үнэндээ, саяхны судалгаанууд харин ч бүр эсрэгээр зарим витаминууд нь муу байж магадгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Тухайлбал зарим нэмэлт амин дэмүүд хавдрыг ихэсгэдэгтэй холбоотой байдаг бол нөгөө хэсэг нь бөөрний чулуутай болгох эрсдлийг нэмэгдүүлдэг, бүр цаашлаад ямарч шалтгаанаар нас барах эрсдэл өндөртэй болохтой ч холбоотой гэж дүгнэсэн байна. Тэгвэл ямар витамин, нэмэлт амин дэмүүдийг хэрэглэх, ямарыг нь хэрэглэхээс татгалзах вэ?
Мултивитаминууд: Хоолны тэнцвэртэй дэглэм барьж, мултивитаминуудыг хоол хүнснээс авах боломжтой тул зайлсхийх хэрэгтэй.
Хэдэн арван жилийн турш мултивитаминуудыг эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй гэж үздэг байжээ. Тухайлбал С витамин дархлааны системийг дэмждэг; А витамин нүдний харааг хамгаалдаг; харин В витамин биеийг эрч хүчээр сэлбэдэг гэх мэт. Бид өдөр тутмын хоол хүнснээсээ эдгээр амин дэмүүдийг хангалттай авдаг ба хэрэв хэтрүүлэн хэрэглэвэл хор хөнөөлтэй болдогыг судалсан байна. 25 жилийн хугацаанд ойролцоогоор 39,000 ахимаг насны эмэгтэйчүүдийг хамруулсан 2011 оны том судалгаагаар мултивитаминуудыг удаан хугацаанд хэрэглэсэн эмэгтэйчүүд огт хэрэглээгүй эмэгтэйчүүдээсээ илүүтэйгээр нас барах эрсдэл өндөртэй болохыг тогтоосон байна.
Д витамин: Ясыг бат бөх байлгахад тусалдаг ба хоол хүнснээс авахад хэцүү тул хэрэглэх хэрэгтэй.
Д витамин нь бидний хэрэглэдэг ихэнх хоол хүнсэнд агуулагддаггүй ба кальцийг бие шингээж авахад тусалдаг тул ясыг бат бөх байлгахад нэн чухал амин дэм юм. Нарны туяа нь бидний биеийг Д витамин үйлдвэрлэхэд тусалдаг ч хүйтний улиралд нарны туяанаас Д витаминыг авах хэцүү шүү. Саяхны хэдэн судалгаагаар Д витаминыг өдөр тутам хэрэглэдэг хүмүүс дундажаар илүү урт насалдаг гэдгийг тогтоосон байна.
Антиоксидантууд: Ихээр хэрэглэх нь зарим төрлийн хавдрыг ихэсгэх эрсдэлтэй тул зайлсхийх хэрэгтэй ба үүний оронд нэрс, аньс зэрэг жимсгэнийг идээрэй.
A, C, болон E витаминууд нь антиоксидантууд бөгөөд ихэнх жимс жимсгэнэ ялангуяа нэрс, аньс зэрэг мөн ногоонд хангалттай агууллагддаг, мөн хавдрын эсрэг хамгаалах чадвартай хэмээн сайшаагдаж ирсэн амин дэмүүд юм. Гэвч судалгаагаар антиоксидантуудыг их хэмжээгээр хэрэглэх нь үнэндээ хор уршигтай гэж дүгнэсэн байна. Эрэгтэй тамхи татагчдыг хамруулсан том судалгаагаар А витаминыг тогтмол хэрэглэдэг тамхи татагчид илүү ихээр уушигны хавдартай болж байгааг олж тогтоосон байна. Мөн 2007 онд хийсэн хэд хэдэн төрлийн антиоксидантын туршилтаар “Бета каротин, А витамин болон Е витамины эмчилгээ нь нас баралтыг нэмэгдүүлдэг байх талтай” гэсэн дүгнэлтийг өгчээ.

С витамин: Ханиад томуунаас хамгаалахгүй байж мэдэх тул аль болох зайлсхийж оронд нь цитрусын төрлийн жимс идэхийг санал болгож байна.
2013 оны 11,300 гаруй хүнийг хамарсан 29 туршилт, шинжилгээгээр ханиад томууны өвчлөлийн хугацаа, хүнд хөнгөний зэрэгт С витамин үр нөлөөгүй болохыг тогтоосон байна. С витамины зарим үр дүн ажиглагдсан тохиолдол гэвэл марафонд гүйгчид, цанаар гулгагчид, цэргүүд зэрэг хүнд дасгал хийдэг хүмүүс дээр илэрсэн боловч үр дүн нь маш бага байсан байна. С витамин нь нийт хүн амын дундах ханиад томууны өвчлөлийг бууруулдаггүй болох нь тогтоогдсон тул С витаминыг хэрэглэх нь үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Үүн дээр нэмээд С витаминыг өндөр тунгаар хэрэглэх нь хор уршигтай байж болно. Учир нь судалгаагаар 2,000 мг болон түүнээс дээш витамины хэт өндөр тун нь таныг бөөрний чулуутай болох эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ. Тиймээс аюулгүй байх үүднээс, С витаминыг хоол хүнснээсээ авахыг зөвлөж байна. Жишээ нь гүзээлгэнэ жимс нь амин дэмээр үнэхээр баялаг жимс шүү.
В3 витамин: Үүнийг витаминаар хэрэглэхийн оронд салмон загас, туна эсхүл хүрэн манжингаар орлуулаарай.
Олон жилийн турш В3 витаминыг Алзхаймер буюу ой санамжаа алдах өвчнөөс эхлээд зүрх судасны өвчлөл зэрэг бүхий л өвчнийг анагаахад тустай гэж сурталчилдаг байсан. Гэвч саяхны судалгаагаар энэхүү амин дэмийн хэтэрсэн жор, хэрэглээнд төгсгөл тавьсан байна. Зүрх судасны өвчтэй 25,000 гаруй хүнийг хамарсан 2014 оны судалгаагаар “сайн” буюу HDL төрлийн холестерины түвшинг нэмэгдүүлэхийн тулд В3 витаминыг урт хугацааны тунгаар хэрэглэж байсан хүмүүсийн зүрхний шигдээс, цус харвалт, нас барах эрсдлийг бууруулаагүй болохыг олж тогтоосон байна. Цаашлаад В3-ийг хэрэглэсэн хүмүүсийн хувьд энгийн тайвшруулах эм хэрэглэсэн хүмүүсээс илүүтэйгээр халдвар, элэгний асуудалтай болох, болон дотор цус алдалт зэрэг өвчлөлүүд асуудал дагуулсан байна.
Пробиотикууд: Орчин үеийн шинжлэх ухаан нь пробиотикуудыг хангалттай үр өгөөжтэй болгох хэмжээнд хараахан хүрээгүй байгаа тул үүний оронд йогурт тараг хэрэглэхийг зөвлөж байна.
Пробиотикууд буюу ашигтай гэхээс илүүтэйгээр үнэтэй (1 ширхэг шахмал пробиотик нь 1 доллараас ч илүү үнэтэй байж мэдэх) бактерийн нэмэлтүүд нь йогурт болон бусад исгэсэн хоол хүнсэнд бага хэмжээгээр агууллагддаг ба 2012 он гэхэд бараг 23.1 тэрбум долларын зах зээл болтлоо томорсон том бизнес болсон байна. Үүний цаадах санаа нь их энгийн. Бидний эрүүл мэндийг зохицуулахад чухал үүрэгтэй оролцдог бидний ходоод гэдэс дэх хэдэн сая бактеруудыг дэмжих зорилготой. Гэвч энэхүү санааг амьдралд хэрэгжүүлэх нь илүү төвөгтэй. Учир нь өнөөдрийг хүртэл пробиотикуудын үр нөлөө нь янз бүр байна – заримдаа нөлөөлнө, заримдаа нөлөөлөхгүй гэх зэрэг. Тэгэхээр пробиотикуудыг шахмал хэлбэрээр хэрэглэхээс илүүтэйгээр мөсөрхөг йогурт амттанаас авсан нь дээр бизээ.

Зинк: Ханиад, томууны өвчлөлийг багасгадаг амин дэмийн нэг тул хэрэглэх хэрэгтэй.
Судалгаагаар энгийн ханиад томуунаас ч хамгаалж, эмчилж чаддаггүй болох нь тогтоогдсон С витаминтай харьцуулахад, зинк нь хэрэглэхэд хэрэгтэй байж магад. Энэхүү минерал нь ханиад томууг үүсгэдэг нян, риновирусийн өсөлт үржилтэнд нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Ханиад томуугаар өвчлөөд удаагүй байгаа хүмүүсийн дунд хийсэн 2011 оны судалгаагаар судлаачид зинкийг уугаад удаагүй байгаа хүмүүс болон тайвшруулах эм уусан хүмүүсийг хооронд нь харьцуулахад зинк уусан хүмүүсийн өвчлөлийн хугацаа нь бага мөн илүү хөнгөн шинжтэй өвдсөн болохыг тогтоожээ.
Е витамин: Хэтрүүлэн хэрэглэх нь зарим төрлийн хавдартай холбоотой тул зайлсхийх хэрэгтэй ба оронд нь бууцай идэхийг зөвлөж байна.
Антиоксидантуудын нэг болох Е витамин нь хавдарын эсрэг хамгаалах чадвартай гэдгээр бидний дунд алдаршиж байсан билээ. Гэвч 36,000 эрэгтэйчүүдийг хамруулсан 2011 оны том судалгаагаар тайвшруулах эм хэрэглэж байсан эрэгтэйчүүдтэй харьцуулахад Е витамин хэрэглэсэн эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдсэн болохыг тогтоосон байна. Мөн 2005 оны судалгаагаар Е витаминыг өндөр тунгаар хэрэглэх нь нас барах өндөр эрсдэлтэй болохыг тогтоожээ. Тэгэхээр хэрэв та Е витамин хэрэглэдэг бол болиод оронд нь шинэхэн бууцайны салад хийж идээрэй. Бууцай шиг гүн ногоон өнгөтэй хүнсний ногоонууд нь Е витаминаар баялаг шүү.
Фолийн хүчил: Хэрэв та жирэмсэн бол эсхүл жирэмслэхийг хүсч байгаа бол хэрэглэхийг зөвлөж байна.
Фолийн хүчлийг бидний бие шинэ эсийг бий болгоход ашигладаг В витамин юм. Америкийн эрүүл мэндийн үндэсний институт жирэмсэн эсхүл жирэмслэхийг хүсч байгаа эмэгтэйчүүд 400мг фолийн хүчлийг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байгаа ба учир нь хэвлийдээ үр хөврөл тээж байгаа үед бие энэхүү чухал амин дэмийг илүү ихээр шаарддаг байна. Цаашлаад хэд хэдэн том судалгаанууд эмэгтэйчүүд жирэмслэхийн өмнө болон жирэмсний явцад фолийн хүчлийг нэмэлтээр хэрэглэх нь нярайн тархи, нугас, нурууны мэдрэлийн хөндийн эмгэг гажиг, ноцтой болон үхлийн аюултай төрөлхийн эмгэг гажиг үүсэх эрсдлийг багасгадаг болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: http://www.businessinsider.com/what-vitamins-should-i-take-2015-10
ӨГЛӨӨНИЙ ЦАЙНААС ӨМНӨ ХҮҮХЭД БОЛГОНД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ 4 ЗҮЙЛС

- сэтгэл хямарсан, учраа мэдэхгүй будилсан эсхүл яарсан, эсхүл
- өдрийг хэрхэн амжилттай туулах талаар ямар ч төлөвлөгөө эсхүл стратеги байхгүй.
Өдрийг хэрхэн зөв эхлүүлэх талаар хүүхдүүд мэдэхгүй. Өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгох, сэтгэл санаагаа зоригжуулах, өөртөө түлхэц өгөх зэргийг ч хүүхдүүд мэдэхгүй.
Харин эцэг эхчүүд эдгээр зүйлсийг мэднэ. Өөртөө итгэлтэй, амжилттай амьдрах ойлголт, арга замыг эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж өгөх хэрэгтэй.
Хүүхэд өөртөө итгэлтэй болох, эрч хүчтэй байхад туслана гэдэг бол сансрын хөлөг бүтээхтэй адил хэцүү зүйл биш ээ. Үнэндээ, маш амархан юм.
Хүүхэд сэрэнгүүт хүүхдэд хамгийн наад зах нь дараах зүйлс нэн даруй хэрэгтэй:
- бие махбод болон тархины ажиллагааг нь сэргээхийн тулд ус уулгах
- тэврэх, үнсэх, илэх зэргээр бие махбодийн энхрийлэл үзүүлэх
- өөртөө итгэх итгэл төрүүлэхийн тулд “жижиг ялалтууд” өгөх
- хүндэтгэл, талархал үзүүлэх
Хүүхдэд эдгээр зүйлсийг өгөхийн тулд эцэг эх нь хүүхэддээ халамжтай, бие махбод болон сэтгэл санаагаараа хажууд нь байх хэрэгтэй. (эцэг эхийн бие нь хүүхдийнхээ хажууд нь байгаа ч сэтгэл санаа нь гар утас эсхүл зурагт руу орчихсон байх нь элбэг байдаг). Хамгийн түрүүнд тавих зүйлсийг хамгийн түрүүнд тавьдаг, өөрсдийгөө ялан давж чадсан эцэг эх л хүүхдэд хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж, ойлгож сурсан, амьдралд учраа буюу хөлөө олсон эцэг эх л өөрийн хүүхдийнхээ хэрэгцээ, сэтгэл санааны байдлыг жинхэнэ ойлгох, хүндлэх чадвартай байдаг.
Хэрвээ та хүүхэддээ эдгээр 4 зүйлсийг өглөө болгон өгч чадвал, хүүхэд чинь өөрчлөгдөн хувирах болно. Тэд илүү эрүүл саруул, илүү баяр баясгалантай, илүү өөртөө итгэлтэй, сэтгэл санаа нь илүү тайван тогтвортой болох болно. Тэд амьдралын бусад тал дээр ч илүү амжилттай болох болно.
Би яагаад үүнийг мэдэж, хэлж байна вэ?
Яагаад гэвэл миний эхнэр бид хоёр бараг 4 жилийн өмнө гурван гайхамшигтай хүүхдийг өргөж авч, өсгөн хүмүүжүүлж байгаа юм. Бид анх хүүхдүүдээ хүлээж авахад тэд үнэхээр эвдэрсэн, сүйрсэн байсан. Хэрвээ бид тэдний оронд байсан бол бид нар ч бас тийм л байх байсан.
Манай хүүхдүүд төгс төгөлдөр биш ээ. Бид бүгдээрээ л галзуурах шахах үе байдаг шүү дээ. Гэхдээ, хүүхдүүд маань гайхмаар их дэвшил гаргасан. Өдөр болгон сайжирсаар, дэвшил гаргасаар байгаа! Хүүхэд өсгөх, хүмүүжүүлэхэд хүүхдийн гаргаж байгаа АЛДАА ДУТАГДЛЫГ биш харин ОЛОЛТ АМЖИЛТЫГ хэмжих нь маш чухал.
Манай хүүхдүүдийн амжилтын гол шалтгаан бол миний гайхамшигтай эхнэр юм. Тэр маань үнэхээр ер бусын гайхалтай эмэгтэй. Бүх л гавьяа бол түүнийх юм.
Ингээд “Амжилттай Хүүхдийн Өглөөний Хэвшил” гэж юу болохыг танилцуулья. Гэснээс, эдгээр хэвшлийг 10 хүрэхгүй минутанд хийж, амжуулж болно.
1. УС УУ – ИХ УС УУ!
Шөнө олон цагаар унтаж амарсны дараа том хүний бас хүүхдийн ч бие хуурайшиж, цангасан байдаг.
Өглөө босоод ус ууна гэдэг бол маш чухал – ингэснээр шинээр булчин болон цусны бөөм бий болох явцыг нэмэгдүүлдэг. Ус уусан, ангаж цангаагүй бие махбод хүчилтөрөгчийг илүү ихээр авч, ашигладаг – ингэснээр бие махбод сэргэг, эрч хүчтэй болдог.
Ихэнх хүмүүс сэрсний дараах 3-5 минутанд сул, нойрмог байдаг. Өглөө босонгуутаа нэг том стакан ус уусны дараа бие махбод маш хурдан сэргэг, эрч хүчтэй болж байгааг та анзаарч мэдэрвэл гайхах байх.
Өглөө босонгуутаа ус уух нь хүний бие махбод болон тархинд чухал хэрэгтэй.
Хүүхэд ч бас өглөө босонгуутаа ахиухан ус уух нь хүүхдийн өсөн тэлж, хөгжиж байгаа бие махбод болон тархинд чухал нөлөөтэй.
2. БИЕ МАХБОДИЙН ЭНХРИЙЛЭЛ
Хүүхэд тань өглөөний усаа ууж байх үед та хүүхдээ зөөлөн тэвэрч, эсхүл нурууг нь зөөлөн илж өгвөл гайхалтай сайн.
Эцэг эхчүүд хүүхэддээ халуун дулаан бөгөөд хүндэтгэлтэй харьцаа, энхрийлэл үзүүлэх нь хүүхдэд насан туршид нь эерэг үр нөлөө үзүүлдэг гэж судалгаагаар нотолсон байдаг. Давуу тал, эерэг үр нөлөөнүүдээс дурвал:
- өөрийгөө өндрөөр хүндлэх, үнэлэх
- хичээлдээ сайн байх
- эцэг эх – хүүхдийн харилцаа сайн байх
- сэтгэл санааны болон зан харьцааны асуудал бага байх
Нөгөө талаас, эцэг эх нь хайр энхрийлэл үзүүлээгүй өссөн хүүхдүүд:
- өөрийгөө хүндлэх, үнэлэх чанар муу
- илүү хөндий хүйтэн, өсөрхөг, дайсагнасан, түрэмгий, дээрэнгүй, зожиг, нийтэч биш байдаг байна.
Дюукийн Анагаах Ухааны Сургуулийн судлаачдын 2010 онд хийсэн судалгаагаар ээж нь маш их хайрлаж энхрийлдэг (эрхлүүлэх биш шүү!), илүү их анхаарал тавьдаг байсан хүүхдүүд насанд хүрэхдээ илүү их баяр баясгалантай, илүү их харимхай (шантардаггүй), бас сэтгэлийн түгшүүр багатай хүн болж өсдөг гэдгийг нотолсон байна. Уг судалгаагаар ихэнх ээжүүд “хэвийн” хэмжээний хайр энхрийлэл үзүүлдэг байхад зөвхөн 6% нь “их” хэмжээний хайр энхрийлэл үзүүлдэг гэж гарсан байна.
Хүүхдэд массаж хийж өгөхөд хүүхдийн сэтгэлийн зовуурь, түгшүүр буурдаг гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бие махбод болон сэтгэл санааны түвшинд холбогдох гайхалтай аргын нэг бол хүүхдэд богино хугацааны, зөөлөн энхрий массаж хийж өгөх юм.
Бага насандаа эцэг эхийн хайр энхрийлэл их хэмжээгээр авч өссөн хүүхэд том болоод сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүрт автах магадлал нь илүү бага байдаг гэнэ.
Хүүхэд өглөө сэрээд л эцэг эхийнхээ хайрыг мэдэрч байх зайлшгүй хэрэгцээтэй. Үг яриа бол мэдээж маш хүчирхэг нөлөөтэй. Харин хүүхдийг тэврэх, үнсэх, илэх зэргээр бие махбодийн хайр энхрийлэл үзүүлэх нь маш чухал юм.
Заавал удаан хугацаагаар хайрлаж энхрийлэх шаардлагагүй, 30-60 секунд зөөлөн тэвэрч, энхрийлэх ч заримдаа амжихгүй, боломжгүй, хэцүү байж магадгүй. Богинохон хугацааны массаж хийх, нурууг нь илэх, эсхүл хэдхэн эелдэг сайхан үгс хэлсэн ч болно. Энэ нь эцэг эх, хүүхдийн харилцаанд ид шид шиг үйлчлээд зогсохгүй ерөнхий сайн сайхан байдалд нь маш чухал нөлөө үзүүлдэг. Түүнчлэн, энэ нь хүүхэд амьдралынхаа бусад тал дээр ч амжилттай байхад ид шид шиг нөлөөлнө.
3. ЖИЖИГХЭН ЯЛАЛТУУД
Өөртөө итгэх итгэл болон эерэг хандлага, хэвшил нь өдөр тутмын жижигхэн ялалтуудын үр дүн буюу бүтээгдэхүүн гэдгийг харуулсан судалгаа ихээхэн гарч байна.
Өөртөө итгэх итгэл бол хувирамтгай зүйл юм. Тиймээс, өдөр болгон дахин давтаж, сэргээж байх хэрэгтэй байдаг.
Өөртөө итгэх итгэл бол амжилттай зан авирын дайвар бүтээгдэхүүн юм. Сүүлийн үед алдарт гараад байгаа ОРОО ХУРАА: Жижиг Зүйлс Таны Амьдралыг …. Магадгүй Дэлхийг ч Өөрчилж Чадна гэдэг номонд өглөө босонгуутаа хамгийн түрүүнд ороо хураадаг байсан нь хэрхэн амьдралыг нь өөрчилсөн талаар уг номын зохиолч бичсэн байдаг. Ороо хураадаг хэвшил нь түүнийг “ялдаг” хэвшилтэй болгосон. Өглөө босонгуутаа ороо хурааснаар тэр дороо өөртөө итгэх итгэлийг бий болгож, энэ нь цааш давалгаалан өдрийн турш амжилттай байх, ялалт байгуулах идэвх, урам зоригийг бий болгодог.
Хөдөлгөгч хүч болон өөртөө итгэх итгэл нь хоорондоо ихээхэн холбоотой.
Өглөө сэрээд жижигхэн ялалтууд байгуулахад өөртөө итгэх итгэл эрс нэмэгддэг. Хэрвээ өглөө сэрээд, ямар нэгэн ялалт байгуулахгүй бол өөртөө итгэх итгэл буурдаг.
Жижигхэн ч гэсэн ялалт байгуулахад – жишээ нь ороо хураахад – дараа дараагийн амжилтанд хүрэхээр, ялалт байгуулахаар өөртөө итгэлтэй болдог. Энэ нь хөдөлгөгч хүч рүү хөтөлнө.
Хүүхэд өглөө сэрснийхээ дараахан хэдхээн жижигхэн бас хялбархан ялалтуудыг хийх хэрэгтэй. Ингэснээр тэд өөртөө итгэх итгэлээ өдөр тутам сэргээн бэхжүүлэх болно.
Өөртөө итгэх итгэл болон хөдөлгөгч хүч хоёр бол ийм л энгийн. Мотивац буюу урам зориг ч мөн адил энгийн. Мотивац бол эерэг үйл хөдлөлийн дайвар бүтээгдэхүүн юм.
Эцэг эхийн хувьд таны өөртөө итгэх итгэл ч мөн л адил өглөө босоод л жижигхэн ялалт – гэхдээ хүүхэдтэйгээ харьцахаас өмнө – байгуулахтай холбоотой гэдгийг онцлон хэлье.
Хэрвээ та хамгийн түрүүнд тавих ёстой зүйлсийг хамгийн түрүүнд тавихгүй бол хүүхэдтэйгээ харьцахдаа өөртөө итгэлгүй байх болно. Хэрвээ та өөртөө итгэлгүй байвал та өөртөө итгэлтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлж чадахгүй.
Өнгөрсөн цаг хугацаанд юу болсоноос үл хамааран, өөртөө итгэх итгэлийг өдөр болгон бэхжүүлж болно. Зүгээр л хэдэн жижигхэн ялалт байгуул. Таны хувьд тэр нь юу ч байж болно. Өглөө босоод л жижигхэн ялалт байгуулах аргууд;
- ороо хураах
- том стакан дүүрэн ус уух
- залбирал эсхүл бясалгал хийх
- сэтгэл сэргээсэн, өргөсөн зүйл унших эсхүл сонсох
- өдрийн тэмдэглэлдээ өдрийг хэрхэн зарцуулах тухай эсхүл тухайн өдөр ямар хүн байх зорилгоо бичих
- алхах эсхүл дасгал хийх
- хувийн зорилгоо ахиулах
Мэдээж та эдгээрийг бүгдийг нь хийх шаардлагагүй. Ядаж нэг эсхүл хоёр зүйлийг нь хийчихсэн байхад л өглөө хүүхдүүдтэйгээ харьцахдаа ХЭН БАЙХ ВЭ, ЯАЖ ХАРЬЦАХ ВЭ гэдэг дээр маш том нөлөө үзүүлэх болно.
Таны сэтгэл хөдлөлийн болон сэтгэл санааны байдал таны хүүхдэд бүрэн нөлөөлж байдаг. Та өөрийгөө ялан дийлсэн учраас гайхамшигтай сайхан мэдрэмжтэй, зан ааштай байвал та тэр энергиэ л хүүхдүүд рүүгээ тусгах болно. Та хүүхдүүдээ илүү их хайрлах болно. Та хүүхдүүддээ илүү их анхаарал, энхрийлэл үзүүлэх болно. Яагаад гэвэл та өөртөө тийм байх чадал тэнхээ, урам зоригийг өгчихсөн байх болно.
Хүүхдүүд таны тэр сайхан энергээр цэнэглэгдэж, өөрсдийгөө ялж эхэлнэ. Та хүүхдүүддээ эерэг хандаж, энхрийлэл үзүүлэх тусам хүүхдүүд бусдад илүү эерэг хандах болно.
4. ХҮНДЭТГЭЛ, ТАЛАРХАЛ, ДЭМЖЛЭГ
Хүүхдүүд өглөө босоод магтаал сайшаал болон дэмжлэг авч байх нь чухал. Ялангуяа тэдний хийсэн “ялалтын” талаар.
Хэрвээ таны хүүхэд өглөө босонгуутаа ороо хурааж, аяга ус уусан бол тэр зан үйлийг нь сайшааж, анзаарч батлах хэрэгтэй.
Хүүхдийн хийсэн зүйлсийг талархаж, сайшаа. Хүүхдийн зан авирыг сайшаан зөвшөөрч, анзаарч харснаа батал. Ингэснээр хүүхдүүд цаашдаа сайн зан авир, үйлдлийг байнга хийх урам зоригтой болно.
Хүн талархал илэрхийлэх явцад цаад хүнээ харах хандлага өөрчлөгддөг гэдгийг судалгаагаар харуулсан байдаг. Нэгэн алдартай судлаач “Аливаа юмыг харах хандлагаа өөрчилхөд, таны харах зүйлс өөрчлөгддөг.” гэж хэлсэн байдаг.
Хүн бусдад талархал илэрхийлэхэд талархаж байгаа хүмүүсээ хайрладаг. Үг яриа бол маш хүчирхэг билээ. Үг яриа нь сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өөрчилж чаддаг.
Та бусдад талархал илэрхийлвэл, та илүү их хайрыг мэдрэх болно.
Хайр гэдэг бол эерэг зан үйлийн дайвар бүтээгдэхүүн юм.
Хэрвээ та хайрыг бие махбодиороо харуулж, үг яриагаараа илэрхийлвэл та хүүхдүүдээ илүү их хайрлах болно.
Хүүхдүүд тань ч илүү өөртөө итгэлтэй болж, та ч эцэг эхийн хувьд илүү өөртөө итгэлтэй болно. Та өөрийгөө ялан дийлээд байвал хүүхдүүд тань ч бас өөрсдийгөө ялан дийлэх болно.

ДҮГНЭЛТ
Хүүхэд нас гэдэг бол богинохон.
Нэг ч өдрийг дэмий бүү өнгөрөө. Таны хүүхдүүд маш их үнэ цэнэтэй. Хэрвээ та хүүхдүүддээ өглөө босоод л ялалт хийж сурахад нь тусалж чадвал тэд насан туршдаа ялалт хийх илүү тууштай, сайн арга барилтай болох болно.
Мэдээж, төгс төгөлдөр болох, алдаа мадаггүй байх нь зорилго биш. Хүн болгонд л бүтэлгүй өдрүүд тохиолддог. Эцэг эх байна, хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол хамгийн хэцүү ажил! Хэцүүхэн хүндхэн өдрүүдэд уян зөөлөн сэтгэл, хайр бол эцэг эхэд ч хүүхдэд ч хамгийн чухал, зайлшгүй хэрэгтэй зүйлс юм.
Хамгийн гол зорилго бол тууштай байж, өдөр бүр ахиц гаргах юм.
Өөртөө итгэх итгэл болон хөдөлгөгч хүчийг өдөр болгон бага багаар бүтээж, босгож, сэргээх хэрэгтэй байдаг. Өдөр болгон.
Эцэг эхчүүдэд ч, хүүхдүүдэд ч өглөөг яаж, хэрхэн эхлүүлэхээс бүх юм шалтгаална.
